Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Ираны нэрт жүдоч Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2019.12.02/ албан ёсоор мэдээлсэн билээ.

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Ираны нэрт жүдоч Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2019.12.02/ албан ёсоор мэдээлсэн билээ. Саид Моллаи Монгол Улсын нэрээр Олон улсын тэмцээнд оролцох бөгөөд тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Дэлхийн шилдэг жүдоч Монголд ирсэн талаар Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатартай ярилцлаа.

-Дэлхийн аварга Ираны нэрт жүдоч Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй боллоо. Тэрбээр бэлтгэл сургуулилтаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Монголд ирээд бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм билээ. Анх 2015 онд “Чингис хаан” олон улсын тэмцээнд ирж, оролцоод хүрэл медаль хүртэж байсан.

-Саид Моллаи жүдо бөхийн улсын шигшээ багт багтаж байгаа юу? 

-Шигшээ багийн тамирчин болно. Гэхдээ тушаал шийдвэр нь гараагүй байна. Шигшээ багийн тамирчнаар авах хүсэлтээ Биеийн тамир спортын газарт хүргүүлээд байна.

-Тамирчныг шинээр шигшээ багт авахын тулд ямар шалгуур тавьдаг вэ?

-Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргах тамирчдыг шигшээ багт авч, бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Тийм боломж энэ тамирчинд бүрэн байгаа.  Дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. Тэгэхээр шигшээ багт авах хангалттай үзүүлэлт.

-Саид Моллаи Олон улсын Жүдогийн холбооны нэр дээр барилдсан тохиолдол бий. Тэгэхээр одоо олон улсад Монгол Улсын нэрээр барилдана гэсэн үг биз дээ?

-Дэлхийн аваргын дараа Олон улсын Жүдогийн холбооны нэр дээр барилдсан. Тухайлбал, Японы Осакагийн хотноо болсон Гранприд Олон улсын Жүдогийн холбооны нэр дээр барилдсан. Одоо бол Монгол Улсын нэр дээр барилдана.

-Саид Моллаи 81 кг-ийн жинд улсын шигшээ багийн тамирчин болох нь. Тэгэхээр энэ жинд одоо байгаа тамирчдын хувьд сэлгээ хийгдэх үү? 

-Энэ жингийн улсын шигшээ багт О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн гэж хоёр тамирчин бий. Энэ хоёртойгоо хамт өрсөлдөөд явна. О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн хоёр олимпийн эрхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийгээд, тэмцээнүүддээ оролцож байгаа. “Шилдэг тамирчин ирчихлээ. Та хоёрыг болиулна” гэдэг ойлголт байхгүй. Адилхан л хоорондоо өрсөлдөөд, олимпийн эрхийн төлөө барилдана. Ирэх 2020 оны олимп онцлогтой. Эрэгтэй, эмэгтэй холимог багийн тэмцээнтэй. Нөгөө хоёрыгоо энэ тэмцээнд оруулах боломж бий. Хувийн төрлөөр хэн нь ч оролцох боломжтой.

-Олимпод 81 кг-ийн жинд Монголоос барилдах тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн болох нь ээ?

-Олимпийн эрх олгох шийдвэр албан ёсоор гараагүй байна. Ирэх оны тавдугаар сараас олимпод оролцох тамирчид тодорхой болно. Тэгэхээр тамирчид маань аль болохоор олимпод оролцохын төлөө оноо цуглуулах тэмцээнүүддээ жигд оролцоод явна.

-Энэ жинд Монголоос хоёр тамирчин олимпийн эрх авсан тохиолдолд ямар шалгуураар нэгийг нь сонгож оролцуулах вэ?

-Жүдо бөхийн холбоо, Удирдах зөвлөл, Шигшээ баг нийлж байгаад шийднэ дээ. Мөн тамирчид багийн төрөлд оролцох боломжтой.

-Саид Моллаи олимпод зодоглох боломжтой биз дээ?

-Боломжтой. Одоо дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. Тэгэхээр оролцох бүрэн боломж бий. 

-Энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнд Саид Моллаи анх удаагаа Монголын нэрийн өмнөөс барилдана. Тус тэмцээнд Саид Моллаи оролцох шийдвэрийг танай холбоо хэзээ гаргасан бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Саид Моллаи Монгол Улсын Ерөнхийлөгчөөс иргэний үнэмлэхээ гардаж авсан юм билээ. Түүний дараа “Мастерс”-ын тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан.

-Түүнийг Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнээс гадна ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?

-Он гараад Европын цуврал тэмцээн гээд оролцох тэмцээнүүд олон бий.

-2020 оны жүдогийн улсын аваргад оролцоно биз дээ?

-Оролцож амжихгүй байх. Европ руу бэлтгэл сургуулилт, тэмцээн, уралдаануудад оролцох гээд давхцаж байгаа.

 
 

Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ