"Осака-2019" тэмцээний эхний өдрийн тойм, Д.Сумъяагийн бүх барилдаануудыг хүргэе

Монголын жүдогийн холбооны олимпийн шигшээ баг “Осака-2019” Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулга тэмцээнд оролцож байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр манай зургаан жүдоч хүч үзэхэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдрийн тойм мэдээллийг хүргэе.

-48 кг:

ДАШТ болон тус тэмцээний иж бүрэн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Румыний Моника Унгуреануг 3:18 минутад торгуулиар ялж эхний ялалтаа авч, шилдэг наймд шалгарлаа. Гэвч манай бөх хэсгийн аваргын төлөө -52 кг-ын жинд дэлхийн дэд аварга болж байсан Японы Нацүми Цүнодад 1:19 минутад цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт энэ оны залуучуудын дэлхийн аварга, Монреалын Гран При тэмцээний аварга Японы Вакана Когад 1:01 минутад даралтаар цэвэр ялагдснаар шагналт долдугаар байр эзэлсэн байна. Мөн Японы Вакана Когад манай ОУХМ Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг 23 секундэд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Энэ жинд ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Фүна Тонаки түрүүлж, тэмцээний гол шуугианы эзэн Испаний Жулиа Фигуэроа үзүүрлэлээ. Испани бүсгүй финалд хүрэх замдаа хэсгийн аваргын төлөө Вакана Когаг, хагас шигшээд олимпод оролцох зорилгоор жин хасаж оролцсон Нацүми Цүнодаг ялж шуугиан тарьсан билээ. Ингэснээр “Токио-2020” олимпийн наадмын бүрэлдэхүүнээ тодруулж буй Японы шигшээ багаас Фүна Тонаки олимпод оролцох боломжоо хадгалан үлдлээ.

-52кг:

Залуучуудын олимпийн мөнгөн медальт, энэ оны залуучуудын дэлхийн аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам эхний тойрогтоо Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий финалд ялагдсан хариугаа Узбекистаны Диёра Келдиёровагаас авлаа. Энэ удаад манай жүдоч 6:17 минутад өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялсан бол дараагийн даваандаа Канадын Екатерина Гуйсад нэмэлт цагт даралтаар ялагдаж үзэгчдийн суудалд шилжлээ. Хэрвээ манай бөх өрсөлдөгчөө ялсан бол тэмцээний гол фаворит дэлхийн хошой аварга Үта Абетай анх удаагаа хүч үзэх байлаа.

Үта Абе энэ тэмцээний өмнө Осакад түрүүлбэл олимпийн наадамд зодоглох эрх шууд авах байсан. Гэвч олон улсын тавцанд ганцхан удаа буюу 2016 оны Токиогийн Гранд Сламын финалд Нацүми Цүнодад ялагдсанаас хойш анхны ялагдлаа амслаа. Тэрбээр IJF-ийн тэмцээнүүдэд гадны тамирчдад нэг ч удаа ялагдаагүй байсан бөгөөд анхны ялагдлыг нь Францын Амандине Бушард амсуулсан байна. Франц бүсгүй энэ өдөр онцгой сайн барилдсан бөгөөд олимпийн аварга Бразилийн Сара Менезес, БНСУ-ын Пак Да-Сол, Японы Чишима Маеда нарыг ялж финалд шалгарч эхний өдөр япончуудын ноёрхолыг зогсоосонг байна.

-57 кг:

“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа бага дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Манай баатар эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа БНСУ-ын Ким Жан-Диг буулгаж авсан Зааны Ясан эрэгийн Зоулейха Абзетта Дэбоннег 1:03 минутад даралтаар цэвэр яллаа. Улмаар хоёрын даваандаа олимп, дэлхийн мөнгөн медальт Румыний Корина Стефаныг  /өмнөх нэр нь Корина Каприориу/  3:13 минутад мөн даралтаар цэвэр ялж, шилдэг наймд шалгарчээ. Гэвч хэсгийн аваргын төлөө өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Японы Момо Тамаокид нэмэлт цагт торгуулиар ялагдсан байна. Харин торгуулийн тойрогт манай жүдоч Польшийн Арлета Подолакийг нэмэлт цагт боох мэхээр цэвэр ялсан бол хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн аварга Гранд Слам тэмцээний хошой хүрэл медальт Японы Харүка Фүнакүбог нэмэлт цагт вазаригаар ялж, домогт “Кано кап” /Японы Гранд Слам тэмцээнийг өмнө нь жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрээр нэрлэдэг байв/ тэмцээнээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Түүнчлэн тэрбээр IJF-ийн дэлхийн цувралаас долоо дахь хүрэл медалиа хүртжээ. Манай жүдоч дэлхийн цувралаас нийт 10 алт, 6 мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Энэ жинд алтан медалийг манай Д.Сумъяаг буулгаж авсан Момо Тамаоки хүртсэн бөгөөд хагас шигшээд өөрийн хүчтэй өрсөлдөгч дэлхийн аварга Цүкаса Ёшидаг буулгаж авч, “Токио-2020” олимпод оролцох боломжоо ахиуллаа. Харин сүүлийн гурван дэлхийн аваргаас 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн Ц.Ёшида дөнгөж тавдугаар байр эзэллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Канадын Жэссика Климкаитад ялагдсанаар хоёр жил дараалан Осака Гранд Сламаас медальгүй үлдлээ.

Д.Сумъяа эхний тойрог

 

Д.Сумъяа хоёрдугаар тойрог

Д.Сумъяа хэсгийн аваргын төлөөх барилдаан

 


Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ