Саеид Моллаей: Би Та бүхний итгэл найдварыг амжилтаар хариулах болно

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаснаар Моллаей Саеид Монгол Улсын харьяат болсон билээ. Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн -81 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин.

Түүнтэй Жүдогийн шигшээ багийн бэлтгэлийн дараа уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхийн жүдо бөхийн их гэр бүл Таныг ямар шийдвэр гаргаж, аль улсын иргэн болох бол гэж харж байсан. Таньд Монгол Улсын иргэн болох шийдвэрийг гаргах ямар байв?

-Тийм ээ. ДАШТ-ий үеэр Иран болон надад үүссэн асуудлын  талаар олон хүн сонирхож байсан. Тухайн үед IJF /Олон улсын жүдогийн холбоо/ надад тохиолдсон асуудал дээр бүх талаараа тусалсан. Улмаар намайг Германд байх үед Осака Гранд Слам тэмцээнд IJF өөрийн нэрийн өмнөөс барилдах боломжийг олгосон. Харин Осакад болсон тэмцээний үеэр IJF-ийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хэлэлцэж ярилцсан. Түүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч намайг хүлээн авч иргэншил олгосонд миний бие маш их баяртай байна. Би Монголын жүдогийн холбоо, бүх монголчуудад БАЯРЛАЛАА гэж чин сэтгэлээсээ хэлье. Монголд ирмэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан. Ерөнхийлөгч надад “Монголд тавтай морил” гээд шинэ эх орныхоо олимпийн шигшээ багт амжилттай барилдахыг хүссэн. Тиймээс би Та бүхний итгэл найдварыг амжилтаар хариулах болно гэж хэлье. Би Монгол Улсын нэрийн өмнөөс энэ сараас барилдаж эхэлнэ. Миний эхний тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болох “Мастерс” тэмцээн байна.

-Та Монголд байнга амьдарч бэлтгэл сургуулилтаа хийх үү. Эсвэл европт бэлтгэлээ хийх төлөвлөгөөтэй байна уу?

-Миний 2019 оны оролцох тэмцээн “Чиндаод Мастерс”-аар дуусч байна. Миний амьдралын нэг гол зүйл олимпод оролцох. Тиймээс олимпод оролцохын тулд IJF-ийн дэлхийн цуврал Гран При, Гранд Слам тэмцээнүүдэд оролцож, олимпийн эрхийн оноогоо ахиулах нь чухал байна.Миний чансаа одоогоор гуравдугаарт бичигдэж байна. Хэрвээ Мастерс тэмцээнд амжилттай оролцвол дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болно.

-Шинэ он гармагц манай улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох уу?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Парист болох “Гранд Слам”-д оролцоно гэж бодож байгаа. Би тэнд бас бэлтгэлээ хийнэ гэж төлөвлөсөн. Гран При, Гранд Слам тэмцээнүүдэд амжилттай оролцож аль болох чансаагаа ахиулах зорилготой байгаа. Би чансаагаа илүү ахиулсан тохиолдолд сайн амжилт гаргах боломж бололцоо нэмэгдэнэ.

-Манай орны цаг агаар танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол бол гайхалтай улс юм. Гадаа хэдий хүйтэн байгаа боловч энэ нь миний бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлөхгүй. Би өглөө, өдөр, орой хаана ч бэлтгэлээ тааруулаад хийнэ ээ.


Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ