-Мөн +78 кг-д хүч үзсэн Бадмааргаагийн Алтансувд , -90 кг-ын жинд Чулуунбатын Эрдэнэбаяр нар мөнгөн медаль хүртэж дэлхийн медальтнууд боллоо

Маррокко улсын Марракеч хотноо ахмадын буюу Гранд Мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улс 1 алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. 

Тэмцээний F4 ангиллын дэлхийн хошой аварга ОУХМ Лигдэнгийн Баярмаа эхний тойрогтоо Их Британы Лаура Скарлетт-Мкаллистерийг 1:21 минутад хоёр вазаригаар буюу цэвэр яллаа. Улмаар хоёрдугаар тойрогтоо эзэн орны Асмаа Зеббарыг 2:52 минутад иппоноор буулгасан бол гурвын даваанд Бразилийн Рожерия Сильваг 2:16 минутад цэвэр ялжээ. Түүний жинд нийт 5 жүдоч хүч үзсэн бөгөөд тойргоор барилдахад манай тамирчин сүүлийн барилдааны үр дүнгээс үл хамааран дэлхийд гурав дахь түрүүгээ хүртэх нь тодорхой болоод байсан. Улмаар сүүлийн тойрогт манай бөх барилдалгүйгээр өрсөлдөгчдөө ялалт өгсөн ч аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн юм.

Мөн тэмцээний F6 ангиллын +78 кг-д хүч үзсэн Бадмааргаагийн Алтансувд Германы Габриэль Нюрнбергерийг ялж мөнгөн медалийн болзол хангаад аваргын төлөө Германы Клара Бееренвинклд ялагджээ.

Харин эрэгтэйчүүдээс М2 ангиллын -90 кг-ын жинд Чулуунбатын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртжээ. Түүний жинд нийт 22 жүдоч зодоглоход манай тамирчин эхний тойрогтоо Францын Александр Майдонисийг 1:45 минутад цэвэр, дараа нь Алжирын Лотфи Фечачаг 2:00 минутад иппон буулгажээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилийн Арнальдо Жуниорыг 1:46 минутад цэвэр, хагас шигшээд Алжирын Софиан Абадлаг 58 секундэд цэвэр ялж медалийн болзол хангажээ. Харин аваргын төлөө Азербайжаны Расул Салимовт 2:28 минутад цэвэр ялагдснаар ахмадын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ. 

 


Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ